2013-04-03
Зүүдэнд минь ч болтугай ирээд зэмлэ л дээ ахаа...

Хэзээ ч бүтэшгүй зүйлсийг хааяа ганцаараа мөрөөдөн суух дуртай ч зүгээр л мөрөөдөл юмдаа гэж араас нь гуниглаж суух юм. Гэхдээ ядаж мөрөөдөж чадаж байна даа. Дэндүү их зүйлс бодож, түүндээ төөрөлдөхөөрөө заримдаа мөрөөдөж ч чадахгүй болох мэт. Яг одоо л тийм болчихсон мэт байна. Балчирхан багадаа хайрт ахтайгаа хичнээн л бол хичнээн элдвийг мөрөөдөн ярьж суудагсан. Өнөөдөр та миний дэргэд алга. Магадгүй тэр мөрөөдөж байсан газраа байгаа байх. Гэхдээ дэндүү эрт яараад явчихсын бишүү ахаа. Санаад байна. Хүнд хэцүү үе тохиох бүрт таныг л санаад байна. Та санаж байна уу, дүүгээ их уйланхай байсаныг. Та нар намайг усан нүдэн гүнж гэдэг байсан сан. Тэр үед дэндүү их уйлсан болоод дүү нь одоо нулимсандаа харамч болчихсон юм шиг. Асгартал, сэтгэлээ онгойтол уйлмаар байсан ч нүдэнд торолзхоос цааш хэтрэхгүй юм. Яг л тэр эрх багынх шигээ гомдлоо тайлтал уйлчихаад инээж гүйхсэн. Уйлахад минь аргадах та дэргэд байсан болхоор тэр юм болов уу. Их л бардам уйлдаг байсан шиг. Хааяа ээж, аавд таныг ховлож зэмлүүлчихээд ард нь өөртөө гэмшиж бас уйлна. Өмөөрч уйлна. Бялууртлаа уйлна, Магадгүй тэр гэнэн бас гэгээхэн гомдол уйлаад л тайтгардаг, бүр мартагдчихсан байдагсан. Аз жаргалтай нулимс гэж тэрийг л хэлэх байх даа. Таныхаа дэргэд тэр л багын зангаараа эрхлэн уйлж аргадуулаад, инээж суумаар байна ахаа ...

Эгч бид 2 тантай сууна гэж хоорондоо таныг булаацалдан муудалцдаг байснаа саначихлаа. Тэр үед хайр гэдэг зүйлийг таныг хайрлах сэтгэл гэж боддог байсын болов уу, нэг бол хамгийн ойр дотны хүнтэйгээ суудаг гэж бодсын боловуу. Тэгээд би эгчид тантай чацууд нь атаархаж надаас түрүүлээд том болоод таныг аваад суух нь дээ гэж дотроо шаналдагсан. Тэр үед ах дүүс сууж болдоггүй ч юмуу, эр эмийн хайр гэдгийг мэддэггүй дээ л тэгдэг байсан байх даа. Эмээ хашаанд сүүдэр бараадуулан гудас дэвсч өгөөд 2лаа тэнгэр ширтэн үүлсийн хэлбэр дүрсийг ярьж өнөөх л мөрөөдөлдөө автан ярьж хэвтдэгсэн. Нас явах тусам дурсамж улам тодроод, үгүйлэн санах нь улам нэмэгдэх юмаа ахаа. Цагаан сараар хүүг тань хараад нулимс нүдэнд дүүрээд л ирсэн. Гэвч ээжийн тань дэргэд, эгчийн тань дэргэд би яаж уйлах билээ дээ. Тэдэнд надаас илүү хэцүү байгаа байлгүй. Таны хүү тантай дэндүү адилхан. Таны үргэлжлэл байна лээ: Яагаад ийм эрт биднийг орхиод явчихсан юм бэ ахаа. Та байхгүй болхоор дүү нь уйлж ч чадахгүй явна. Зөндөө олон юм ярьж, таниараа аргадуулж бас зэмлүүлмээр байна. Амиа хичээж ганцхан өөрийгөө л бодон тайван нойрсуулахгүй байгаа дүүгээ бүү уучилаа. Зүүдэнд минь ч болтугай ирээд зэмлэ л дээ ахаа.




http://www.xyyp.mn/bolormaa/6813/
Бичсэн: Muugi | цаг: 11:04 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax