2011-12-13
odoogoor sanaa

... Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударна
...  танил аястай сайхан дуу

эгшиглэнэ. Зөрж өнгөрсөн нэгэн дулаан инээмсэглэл шидчихээд зөрүүлж мишээх зуур хэдийн холдон одлоо. Сайхан инээмсэглэл харсандаа сэтгэл дулаахан. Яаралдан, чихцэлдэн алхах хүмүүс дунд тэр хүн л  тайван алхаж яваа мэт санагдана. Атаархмаар. Тэнд яарсан, даарсан хүмүүс дунд би ганцаараа бодолдоо дарагдаад сөхрөх гэж байгаа юм шиг... Сонсгол мялааж байсан зөөлөн аяс хэдийнэ сонсогдхоо больж, гудамжинд хүмүүс цөөрч гутал доороос хайрсан жавар хувцсан дотор ороод ирсэн мэт жиндүүллээ. Би дэндүү удаан бодолд дарагдан алхсан бололтой.  Эргэж харах уу хэрэггүй биз дээ. Эзэнгүй гудамж дахиад л сэтгэл хоослоно биз. Энд тэнд хаалга хальт онгойход тамхи, дарсны эхүүн үнэр хэн нэгний час хийсэн инээдтэй хамт цухалзана.

Хар дарсан зүүдээр эхэлсэн өдөр. Төгсгөл нь эхлэл шигээ. “...Би ой дотор ганцаархнаа, хэний нэрийг дуудахаа мэдэхгүй хярсан туулай шиг чичрэн зогсоно.  Тэнд сүрлэг сайхан моддын дунд шувууны жиргээ сонсогдох авч би ганцаар тэр бүгдийг мэдэрч чадахгүй сандарна. Бүүдийсэн тэнгэртэй нэг тийм өдөр... Энэ бол миний зүүд. Үнэндээ хэдэн шөнө дараалан нэг иймэрхүү зүүд зүүдлэн сэрнэ. Орчин нөхцөл нь өөрчлөгдөх ч ганцаараа сандарсан хэвээр... 

Ингэхэд би хаашаа явж байгаа билээ, хаанаас эхэлсэн билээ бүүр мартчихаж. Гашуун утаа хоолой хорсгоно. Харанхуй болчихож, одод утааны цаана гялтганаж байгаа даа. Харах юмсан. Тэгье олж харья. Хотын зах руу өндөрхөн газар очье. Алхахад арай л хол юм даа. Унаанд сууя. Ийн бодлууд хөвөрсөөр би зам дээр гар өргөн зогслоо.  Цагаан машин миний өмнө ирж зогслоо.  Дулаахан унаа байна. Удаан юм бодож алхахдаа голд хүйт орсныг бүүр сүүлд нь л анзаарчдээ. Зайсан явах хүсэлтэй байгаагаа хэлтэл жолооч надруу нээх том хараад хаазаа гишгэлээ.   Болж өнгөрсөн бүхний дүнд ганц дусал нулимс хацар эсгээд гар дээр минь буулаа. Алчуур авах уу гэсэн зөөлөн дуу сонсогдоход зүгээр л толгой сэгсэрлээ.  Зөндөө, зөндөө их уйлмаар байсан. Гэвч хэн дараа нь аргадах билээ гэсэн бодол төрөөд бүр ч их уйлмаар болоход уйлж чадахгүй хий л санаа алдлаа.  “...Уйлахыг чинь би харах дургүй, нулимстай чинь хамт миний зүрх урсдчихдаг юм...” гэж хэлсэн өмнөх дурсамжуудын эзний үг санаанд орлоо. Тэр хүн одоо хаана байгаа бол.  Дулахан энгэрт нь хацраа наагаад удаан гэгч нь уйлахсан.

Ингэхэд бид яагаад саллаа, хэнээс нь боллоо. Тэр үед бурууг чамаас олох гэж зөндөө их зовоосондоо чамайг. Одоо бодход өчүүхэн зүйл байж. Жаргалдаа ташуурсаных байсан юм байхдаа. Тэр өчүүхэн зүйлийг уучилж чадсан бол, уучлах ч гэж дээ үнэндээ надаас чи минь л уучлалт гуйсан болхоос буруу зүйл хийсэн билүү. Уучлаарай. Энэ үгийг одоо би хэлмээр байна. Гэхдээ бас л хэдийнэ өнгөрчээ. Болж өнгөрсөн бүхний дараа ухаарч гэмшдэг зан  ганцхан надад л байдаг юм болов уу. Хүн бүрт юм болов уу. Жолооч надаас мөнгөө нэхснийг би сонсоогүй бодлоо хөврүүлсээр байжээ. Орчин тойрноо нэхэн харвал зорьсон газраа хэдийнэ иржээ.  Нэг, хоёр, гурав... би шат тоолон дээш алхав. Хүнгүй байхдаа гэж бодсон минь эндүүрэл байж. Залуус өвөлийг үл ажран хөгжилдөцгөөнө, хосууд болзоно, андууд уулзацгаана. Их хотын амьдралын нэгэн хэсэг энд ч буцалсаар.  Ганцаараа нь харин би бололтой.  Оддыг харж болох ч одод шиг гялалзах хотын гэрлийг харж болохгүй ажээ. Хүйтэн жавар тас хийж, хацар жиндэнэ. Буцаад шат тоолон уруудлаа. Энгэрт наалдан эрхэлдэг байсан тэр залуугаа, эрхлүүлж үнсдэг ээж, ааваа, урам хайрлан шагнадаг найзаа ээлжлэн бодсоор шатны тал хүрлээ. Гэхдээ тэдний уйлахад минь яаж аргаддаг байсан нь нүдэнд тодорч яг л тийм л зүйл үгүйлэн байгаагаа ойлголоо. Хамтдаа  уйлхад минь туслах хэн нэг нь үгүйлэгджээ. Тэгээд л нулимс асгарч биш тусалж байсын байна.  Шат уруудан хурдан гэгч нь алхахдаа хайсан зүйлээ, хэдэн өдрийн бодолын учигийг олсондоо баярлаад ч байх шиг. Гэвч хариултыг мэдсэн ч гарц байхгүй юм шиг түгшүүртэй түргэн түргэн алхалсаар унаанаас буусан газраа ирхэд хүргэж ирсэн цагаан  машин яг байрандаа. Харин жолооч нь машинаа налан тамхи татан зогсонгоо намайг гайхсан янзаар ширтэнэ.  Машины арын сандалд яаж тэвчсийн гэмээр нулимс сул асгарна.  Энэ цагаан машин их дулаахан бас их тохилог. Харин жолооч нь миний нөхөр. Яагаад яваагүй тухай нь би асуусан. Хариуд нь “Чамд алчуур хэрэгтэй гэж бодсымаа гэж хариулсан. Тиймээ надад алчуур бас тэрийг өгөх хүн хэрэгтэй байжээ...  

 


Бичсэн: Muugi | цаг: 19:57 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax